7 хоногийн арилжааны мэдээ (2025.02.17 – 02.23)
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт: 3.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 6.6 сая ширхэг үнэт цаас арилжаалагдлаа. Идэвхтэй арилжаалагдсан үнэт цааснууд: Хаан банк ХК, Голомт Банк ХК, Таван толгой ХК, Инвескор ББСБ ХК, Тэнгэрлиг медиа групп ХК.
Багцын арилжаа:
Инвескор ББСБ ХК-ийн 50,537 ширхэг хувьцаа нэгжийн 7,915 төгрөгөөр буюу нийт 400 сая төгрөгөөр;
Тэнгэрлиг медиа групп ХК-ийн 70,997 ширхэг хувьцаа нэгжийн 5,735 төгрөгөөр буюу нийт 407 сая төгрөгөөр арилжаалагджээ.
Инфляц 9.6%-д хүрэв
2025 оны 1-р сарын байдлаар улсын инфляц 9.6%, Улаанбаатарын инфляц 9.7% болж, долоон сар дараалан өсөв. Инфляц хоёр оронтой тоонд хүрвэл бодлогын хүүг өөрчлөх шаардлагатайг Монголбанкны Ерөнхийлөгч онцолжээ.
i) Үнийн өсөлтийн гол үзүүлэлтүүд:
Хүнсний бараа: +9.2%
Хүнсний бус бараа: +9.7%
Барааны бүлэг: +7.5%
Үйлчилгээний бүлэг: +16.4%
ii) Хамгийн их өссөн салбарууд:
Даатгал, санхүүгийн үйлчилгээ: +30.2%
Орон сууц, ус, цахилгаан, түлшний үнэ: +22.4%
Боловсролын үйлчилгээ: +18.6%
Инфляцад нөлөөлөх оролцоогоор хүнсний бараа, ундаа, ус 2.7 нэгж хувиар хамгийн өндөр үзүүлэлттэй байна.
iii) Улсын инфляцад хамгийн их нөлөөлсөн хүчин зүйлс:
Дотоодын бараа, үйлчилгээний үнэ: +5.1 нэгж хувь (53.2%)
Импортын барааны үнэ: +2.9 нэгж хувь (30.6%)
iv) Импортын барааны нөлөө буурч, инфляцыг дотоодын бараа, үйлчилгээний үнийн өсөлт илүү тодорхойлж байна.
Засгийн газрын шинэ бонд
Монгол Улсын Засгийн газар 5 жилийн хугацаатай, 500 сая ам.долларын шинэ бонд гаргалаа. Захиалга 2.8 тэрбум ам.долларт хүрч, 6.625%-ийн өгөөжтэй тус бондыг Fitch Ratings агентлаг 2024 оны 9-р сард үнэлсэн Монгол Улсын гадаад валютын урт хугацааны зээлжих зэрэглэлтэй уялдуулан “B+/Тогтвортой” гэж үнэлжээ.
Өрийн дарамтыг бууруулах алхам:
2026 онд дуусах Номад бонд – 391.7 сая ам.доллар
2028 онд дуусах Хүннү бонд – 108.3 сая ам.доллар
Хүлээгдэж буй үр дүн:
2026 онд төлөх өр ~1.4 их наяд төгрөгөөр буурна
Гадаад өрийн дарамтыг тодорхой хэмжээнд бууруулж байна.
Ногдол ашгийн мэдээллүүд
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд ээлжлэн ногдол ашиг тараах мэдэгдлээ хийсээр байна. Өнгөрсөн долоо хоногт ногдол ашиг тараахаа зарласан компаниудын мэдээллээр:
Тавантолгой ХК нь нэгж хувьцаанд ногдох хамгийн өндөр ашгийг ₮6,612 (татвар суутгасан дүнгээр) зарласан байна.
Монгол Базальт ХК болон Тавантолгой ХК нь ногдол ашиг төлөлтийн харьцаагаар хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бөгөөд 50%-иас дээш ногдол ашиг төлөлтийн харьцаатай 5 компани байна.
Дийлэнх компаниуд цэвэр ашгийн 20%-иас дээш хэсгийг ногдол ашиг болгон тарааж байгаа бол Голомт Банк ХК нь 20%-иас бага хэмжээний ногдол ашиг тараах шийдвэр гаргасан байна. Мэдэгдэлийн дараа тус компанийн хувьцааны үнэ 14.6%-иар буурчээ.
Энэ мэдээлэл нь хөрөнгө оруулагчид болон хувьцаа эзэмшигчдэд ач холбогдолтой бөгөөд компанийн ногдол ашиг тараах шийдвэрүүд зах зээлийн үнийн өөрчлөлтөд хэрхэн нөлөөлж байгааг харуулж байна.
2025 оны АНУ-ын Хөрөнгийн Зах Зээлийн Хар Өдөр
2025 оны 2-р сарын 21-ний өдөр буюу өнгөрсөн баасан гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээлд 2025 он гарснаас хойших хамгийн муу үзүүлэлттэй өдөр тохиолоо. Үүнд:
Dow Jones Industrial Average 700 гаруй нэгжээр унасан.
S&P 500 индекс 1.7%-иар
Nasdaq 2%-иар буурсан.
Хөрөнгө оруулагчид ерөнхийлөгч Дональд Трампын тогтоосон тарифууд инфляцыг дахин хөөргөх, мөн холбооны нөөцийн сан хүүгээ бууруулахгүй байх магадлалтай гэж үзэж байгаа бөгөөд энэ нь хөрөнгийн зах зээлийн уналт болон сэтгэл санааны болгоомжлолд хүргэж байна.
Мичиганы их сургуулийн хэрэглэгчийн сэтгэл хөдлөлийн индекс 64.7 болтлоо буурсан нь үнийн өсөлт, худалдааны бодлогын тодорхойгүй байдлын түгшүүр нэмэгдэж буйг харуулж байна. Энэ нь АНУ-ын эдийн засгийн гол хөдөлгөгч хүчин болох хэрэглээний зардлыг бууруулж болзошгүй юм. Тиймээс, хөрөнгө оруулагчид PCE инфляцын мэдээлэл болон ХНС-ийн тайлбарыг анхааралтай ажиглаж, ханшийн бодлогын талаар мэдээлэл авсны дараа хөрөнгө оруулах шийдвэр гаргах нь зүйтэй.
Хөрөнгийн зах зээлийн тодорхойгүй байдал алтны үнэд хэрхэн нөлөөлсөн бэ?
2025 оны 2-р сарын 20-нд алтны үнэ бүх цаг үеийн дээд ханшдаа хүрч, нэг унц нь 2,956.69 ам.доллар боллоо. Энэ жил алтны ханш 12%-иар өссөн байна.
Дэлхийн хөрөнгийн зах зээл тогтворгүй байдалд орж, АНУ-ын худалдааны бодлого, Трампын тарифын төлөвлөгөө, эдийн засгийн үзүүлэлтүүд суларч байгаа нь хөрөнгө оруулагчдыг алт руу хөрөнгө оруулалт хийхийг түлхсэн юм.
Энэ нөхцөлд алт нь тодорхойгүй байдлаас хамгаалах хөрөнгө оруулалт болж байна. АНУ-ын бизнесийн идэвхжил зогсонги байдалтай байгаагаас болж хөрөнгө оруулагчид алт болон уул уурхайн хувьцаанд хөрөнгө оруулахыг илүүд үзэж байна.